Монгол улсын парламент - боть 1

112 Бидний гаргасан урьдчилсан үнэлгээгээр эдийн засгийн уналтыг сайжруулан зогсоох үндсэн дээр нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 1992 оны түвшингээс бууруулахгүй байхаар тунхагласан Засгийн газрын зорилт, 1993 оны эцэс гэхэд биелэхгүй, тэр байтугай энэ үзүүлэлт 1992 оныхоос 10 гаруй хувиар буурах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас баталж өгсөн энэ оны хөгжлийн үндсэн зорилтыг Засгийн газар биелүүлж чадахгүй гэдэг нь илт боллоо. Энэ байдлаас дүгнэлт хийхэд МАХН-аас дэвшүүлсэн эдийн засгийн уналтыг хоёр жилд багтаан зогсоох зорилт биелэгдэх үндэслэл харагдахгүй байна. Тэр ч байтугай нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Монгол улс өнөөдөр нэн буурай орны тоонд орохоор болж байна. Энэ бол ноцтой асуудал. Үнэ чөлөөтэй болсноор зах зээл дээр зарим бараа үнэтэй ч гэсэн үзэгдэж харагдах болжээ. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ барааны хэрэглээ, хангамж, өмнөх оныхтой харьцуулбал нэмэгдэж, элбэгшиж чадав уу гэвэл тэгсэнгүй. Хүн амын дийлэнх нь дэлгүүрийн барааг авах тэнхэлгүй байна. Улсын статистикийн газрын материалд тулгуурлан тооцож үзэхэд хүн амын худалдан авах чадвар 1991 онд 42,2 хувь, 1992 онд 61,3 хувиар унасан бол, 1993 оны эхний 7 сард энэ үзүүлэлт 42 хувиар буурч, хүн амын хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний биет хэрэглээ багассан байна. Олон хүмүүс түүний дотор нийгмийн эмзэг хэсэг физиологийн шаардлагын хэмжээнд хүрэхүйц илчлэгтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байна. Нэн ялангуяа байдал хөдөө орон нутаг, төвөөс алслагдсан аймаг бүр ч хүнд байна. 1990 онд хоёр зуун тавь гаруй мянган хүн амьжиргааны доод түвшингээс доогуур амьдарч байсан бол 1993 онд хүн ам, хөдөлмөрийн яамны гаргасан тооцоогоор хүн амын 23,2 хувь, буюу 510 гаруй мянган хүн амьжиргааны доод түвшингээс доогуур, хүн амын 4 хувь буюу 43 мянган хүн нэн ядуу аж төрж байна. Монгол оронд өнөөдөр өргөн олныг хамарсан ядуурал газар авч байгааг дээрх баримтууд харуулж байна. Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жилд хямралд орсон мэт өнгөц харагдах боловч хэрэг дээрээ олон жилийн өмнө манай эдийн засаг, нуугдмал хямралыг агуулж, биеэ даан хөгжих бүтэцгүй, техник технологийн хувьд хоцрогдсон, гаднаас бүрэн хамааралтай болсон байлаа. Хямрал нуугдмал байсны учир хуучин ЗХУ-ын асар их зээл хөрөнгөнд дулдуйдан амьдарч байсантай холбоотой билээ. Гэтэл эдийн засгийн уналтыг өнөөг хүртэл ганцхан хуучинтайгаа холбон тайлбарлах, эсвэл хамаг бурууг ардчилсан өөрчлөлт, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцтай холбон тайлбарлахыг оролдож, улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээг хамарсан өргөн шинэчлэлтийн ач холбогдлыг бүрхэгдүүлэх, хуучнаа хүсэмжлэх өнгө аясыг Улсын Их Хурлын сонгуулийн үед ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн үед ч цухалзуулж байсныг би буруу хандлага гэж үзэж байна. Харин өнөөгийн нөхцөлд үргэлжилсээр буй эдийн засгийн уналтыг Засгийн газрын үйл ажиллагаатай холбон үзвэл ололт дутагдлаа зааглан харж, иж бүрэн арга хэмжээ авах замаа зөвөөр тодорхойлоход тус болно гэж бодож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw