108 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурал Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлж хэрэглэх талаар анхаарах болно. Бид гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавихдаа, дэлхий дахины парламентат ёсны хөгжлийн явцад буй болсон сонгомол аргуудаас хэрэглэхийг чухалчилна. Олон дэд, түр хороо байгуулахгүйгээр хяналтын ажлыг ихэвчлэн байнгын хороодод төвлөрүүлэн хийх, Улсын Их Хурлын гишүүдээс, Засгийн газрын гишүүдээс асуулт асуулга тавих зэрэг хэлбэрүүдийг хэрэглэх нь манай нөхцөлд илүү оновчтой байх болов уу гэж үзэж байна. Тэрчлэн иргэдийн эрэлт хүсэлт, санал, гомддын мөрөөр тавих хяналтыг байнга чанартай явуулахад анхаарах, цаашид хяналтын эдгээр арга хэрэгслийг яаж ашиглах талаар нарийн бодож эрх зүйн тодорхой зохицуулалтыг бий болгох шаардлагатай. Монгол Улсын Засгийн газар, шилжилтийн маш бэрх нөхцөлд нийгмийг ардчилах, улс орны эдийн засгийг зах зээлд шилжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах зорилтыг тууштай хэрэгжүүлж байна. Засгийн газрын баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа дэс дараатай зарим нэг арга хэмжээ нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг зүй ёсоор хүлээж байгаа нь манай орны эдийн засгийн уналтыг зогсоож тогтворжуулах, зах зээлийн харилцаанд шилжихэд таатай гадаад нөхцөл бүрдүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх бодлогын шинжтэй дараах зарим асуудлыг хөндөн ярих нь зүйтэй болов уу гэж үзлээ. Үүнд: Нэгдүгээрт, ихэнх үйлдвэрүүд зогсох буюу хагас дутуу ажиллаж, үйлдвэрлэлийн хэмжээ буурч, улмаар энэ байдал ужигран даамжрах хандлага ажиглагдаж байгаа нь сэтгэл түгшээж байна. Иймд юуны өмнө Монгол орны амьдралын үндэс болсон хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбар болон манай экспортыг үндсэнд нь тодорхойлж байгаа үйлдвэрүүдийг сэргээх өөрийн орны үйлдвэрлэлийн дэд бүтцийг бүрдүүлж буй болгох асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Энэ нь үйлдвэрлэлийг урамшуулан дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх тухай санаа юм аа. Энд нэн ялангуяа үйлдвэрлэл амжилттай эрхэлж байгаа болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, аж ахуйн нэгж, шинээр төрж байгаа хувийн өмчтөн, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих явдал төр, засгийн бодлогын анхаарлын төвд байх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн, дангаар ноёрхохын эсрэг хууль, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах хууль, дампуурлын тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлийг дэмжих бодлого салшгүй хэсэг мөн. Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай асуудлыг манай шүүхүүд улс орныхоо хөгжлийн нийтлэг эрх ашгийн үүднээс авч үзэн шуурхай шийдвэрлэж байхад эдийн засгийг эрүүлжүүлэх маш чухал эрх зүйн хөшүүрэг гэдгийг энэ дашрамд тэмдэглэе. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мөнгө санхүү, зээлийн үлэмж бэрхшээл байгааг мэдэрч байна. Татвар, төсөв, мөнгө зээлийн асуудлыг улсын Их Хурал нэлээд ул суурьтай, судалгаа. дүгнэлттэйгээр ярилцах шаардлагатай.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw