86 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Хүн амын амгалан тайван амьдрах нөхцөл хангагдахгүй хэвээр байна. Хуулийн байгууллагуудаас гаргасан мэдээ, судалгаанаас үзэхэд манай улсад гэмт хэргийн гаралтын тоо ерөнхийдөө буурч, илрүүлэлт нь харьцангуй сайн байгаа боловч 9 сарын байдлаар онц хүнд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 65,4 хувиар өссөн, гэмт хэргийн улмаас 4,9 мянган хүн бэртэж гэмтсэнээс гадна 1241 хүний амь нас хохирсонд сэтгэл зовохгүй суух арга алга. Гэмт үйлдлийн улмаас иргэдэд учрах өмч хөрөнгө, эд материалын болон нэр төр, сэтгэл санааны хохирол дарамтын дам уршиг их бий нь мэдээж. Жил гаруйхны дотор бүх зүйл өргөс авсан мэт сайн сайхан болчихгүй нь мэдээж. Үүнийг манай иргэд ч сайн ойлгож байгаа. Гэхдээ л бүрэн эрхийн хугацааныхаа гуравны нэгийг өнгөрүүлээд байгаа ч мөрийн хөтөлбөртөө тусгасан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 дахин өсгөж, татварын ачааллыг 30 хувиар бууруулна гэх зэрэг тодорхой зорилтуудынхаа энэ хугацаанд хэрэгжих хэсгийг бүрэн шийдвэрлэж чадаагүй байна. Энэ нь нэг талдаа Засгийн газрын цаашдын ачааллыг улам нэмэгдүүлэх болно. Нөгөө талдаа иргэдийн хүлээлт, шаардлага улам хуримтлагдана гэдгийг ч бодолцох ёстой. Иймд Засгийн газар өмнөхөөсөө илүү өргөн далайцтай, эрч хүчтэй, зоримог ажиллаж байж л хөтөлбөрөө хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ. Ингэхэд нь Засгийн газарт бас дэмжлэг энд хэрэгтэй. Улсын Их Хурлын ч, иргэдийн ч, төрийн тэргүүний ч дэмжлэг чухал. Ерөнхийлөгч би бүрэн эрхийнхээ хүрээнд бодлого, чиглэлээр дэмжинэ, туслана. УИХ-ын цаг үеэ олсон шийдвэр, шахалт шаардлага хяналт шалгалт шийдвэрлэх үүрэгтэй. Иргэд олон түмний өөрөө өөрийнхөө төлөө зүтгэх бүтээлч хөдөлмөр бол Засгийн газарт үзүүлэх том дэмжлэг юм. Мөн сөрөг хүчний ухаалаг шаардлага, зөв шүүмжлэл нь Засгийн газарт бас санамж сэдэл болно. Ингэж бид тал талаасаа хүчин чармайлтаа нэгтгэж байж хөгжинө, дэвшинэ. “Сайн сайхан зүйл маш их хүчин чармайлтын үр дүнд гарна. Харин муу муухай зүйл өөрөө аяндаа л гараад ирдэг” гэсэн эртний нэгэн сэтгэгчийн үгийг санууштай. Бүх зүйл болохгүй нь, бүтэхгүй нь гэж усан амлах болоогүй. Ашдын билгээс амны билэг гэж үг бий. Өнгөрсөн жил гаруйн хугацааг өмнөх 10 жилээс бас салгах аргагүй билээ. Өөрчлөлт, шинэчлэлийн 10 жилийнхээ замналыг “Бид зөв зам сонгож авсан, одоо үүнээсээ ухрахгүй, ардчилал шинэчлэлийн явцдаа их амжилт олж байна” гэж срөнхий агуулгаар дүгнэж, хуурай үгээр сэтгэлээ тайвшруулах учиргүй. Үүнийг дурдахын учир гэвэл өнөөдрийн тулгамдсан асуудал, учирсан бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бид туулсан зурвас хугацааныхаа алдаа оноог дэнсэлж улмаар ухаарлын сургамж авахад оршино. Үндэсний эрх ашиг ч үүнийг шаардаж байна. Монгол орны ардчилсан сонголт, хөгжлийн чиг баримжаа зөв гэдэгт эргэлзэх, үүнийг үгүйсгэх хүн бараг үгүй биз. Тэгвэл одоогийн бодит байдал болсон эдийн засгийн уналт, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэргийн өсөлт, ёс суртахууны доройтол энэ бүхэн нийгмийн өөрчлөлт, ардчиллаас бидний хүсэн хүлээж байсан үр дүн мөн гэж үү? Энэ асуултад тийм гэж хэн ч хариулахгүй биз ээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw