МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 297 Хүн төрөлхтний хөгжлөөс хоцорч гээгдсэн Монгол орны дотоод хөрснөөс манай нам төрөн гарч, дэвшил хөгжлийн үндэс болох цоо шинээр бүтээх их үйлсэд ард түмнээ манлайлсан юм. Өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсад гадаад, дотоодын олон ээдрээтэй хүчин зүйл шууд болон шууд бусаар нөлөөлж монголчууд бидний тэмцэл, зүтгэл амар хялбар байгаагүй. Улс орноо хөгжүүлж нийгмийн хоцрогдлоос богино хугацаанд гаргах, хүн ардаа соён гэгээрүүлж, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний аж үйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуйг үүсгэн бий болгох, Монгол Улсыг гадаад ертөнцөд хүлээн зөвшөөрүүлж, олон улсын хэмжээнд нэр хүндтэй байр суурийг эзлүүлэх их үйлсийг МАХН эхлүүлж, амьдралд амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэ бол хэнбугай ч үгүйсгэж чадахгүй МАХН-ын түүхэн гавьяа мөн. XX зууны хоёрдугаар хагасын дэлхий дахины байдал, ялангуяа дэлхийн социалист системийн дотоодод хуримтлагдсан гүн хямрал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд бий болсон нөхцөл байддаас жам ёсоороо урган гарсан, манай нам анхнаас нь дэмжиж, өөрөө идэвхтэй оролцсон 1990 оны ардчилсан үйл явц бол агуулгаараа 1921 оны Ардын хувьсгалын туйлын зорилго үндэсний сэргэн мандалтын үзэл санааг шинэ нөхцөл байдалд үргэлжлүүлэхэд чиглэгдсэн гэж хэлж болно. 1990 оноос хойших 10 гаруй жил бол манай ард түмний түүхэнд үнэхээр эрчимтэй өөрчлөлтийн он жилүүд боллоо. Монгол оронд нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны харилцааг бүхэлд нь хамарсан тогтолцооны гүнзгий өөрчлөлт хийгдэж Монгол Улс XXI зууны дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлах боллоо. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг бид улс төрийн хүчнүүд, төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголд тусалдаг орнууд монголын нийт ард түмний шууд, идэвхтэй оролцоотойгоор хийж амжуулсан билээ. Тэдгээр өөрчлөлтийн заримыг нь онцдон тэмдэглэвэл: - Ардчилсан шинэ Үндсэн хууль боловсруулан баталж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх чиг шугам, парламентийн засаглал, бүх нийтийн чөлөөт сонгууль, олон намын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг хуульчилан баталгаажууллаа. - Удирдлагын хэт төвлөрлийг арилгах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлж, нутгийн удирдлагын шинэ тогтолцоонд шилжлээ. - Нийгмийн аж ахуйг удирдах хуучин тогтолцоог үндсээр нь өөрчилж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжлээ. - Үйлдвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүхий л салбарт өмч хувьчлалыг хэдийгээр зарим алдаа дутагдалтай ч гэсэн эргэлт буцалтгүй явуулан нийгмийн амьдралын бүх салбарт өмчийн олон хэлбэр зэрэгцэн оршиж ажлынхаа үр дүнгээр чөлөөтэй өрсөлдөх эрх зүйн орчинг бүрдүүлж байна. Хувийн өмч, өмчтөн бий болж улс орныхоо хөгжил дэвшилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж эхэллээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw