294 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Энэхүү их үйлсэд амь нас, хөлс хүч, оюун бодлоо харамгүй зориулж, халуун хүйтэн, хатуу ширүүнийг нэр төртэй даван туулсан үе үеийн ахмад буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлж мэхийн ёсолъё. Та бүхний буян бидний болоод хойч хойчийн үеийнхэнд хүртээлээ үлдээнэ ээ. Хорьдугаар зууныг үдэх мөчлөгт Монголчууд ардчилсан хөдөлгөөн өрнүүлж, төр нийгмийн шинэ дэвшилтэй тогтолцоонд шилжихийг зорилоо. Монгол орны ардчилсан өөрчлөлт шинэчлэлт бол Монголын нийт ард түмний гүн ухаарал, хүн төрөлхтний шинэ сэтгэлгээ, үйлдлийн хаялга, түүнийг тосон хүлээж авч, хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр чармайсан монгол түмний хамтын хичээл зүтгэлийн үр шим мөн болохоос биш нэг ба нэг хэсэг хүний санаа, сачийн явцуу үзэгдэл биш юм. Монголын нэн шинэхэн түүх гурван том ай сав, эх ундаргатай бөгөөд үүний эхнийх нь монголын уламжлалт нүүдлийн соёл иргэншил юм. Өвөг дээдсийнхээ дахин давтагдашгүй соёл, язгуур гарвалийнхаа ач холбогдол, түүхэн үүргийг дутуу үнэлж болохгүйг бид өмнөх сургамжаасаа мэдэх билээ. Удаах нь социализмын буюу зөвлөлт маягийн төр, нийгмийн байгууллын үе болно. Энэ үед алдсан эндсэн нь нэлээд боловч нийгмийн дэвшлийн бүхий л үндэс суурийг тавьж Монгол Улс шинэчлэгдэж, үндэстэн улс бүрэлдэн тогтож, орчин үеийн нийгмийн нэг хэв маягийг бүтээн бий болгосон юм. Гуравдахь нь бидний амьдарч буй ардчилал шинэчлэлийн үе юм. Энд ч бас явж үзээгүй зам, хийж үзээгүй ажлын бэрхшээл буй. Түүхийн их урсгалын эрхээр, аль эсвэл хувь заяа, жам ёсны дагуу бие биеэ халсан, салгахын аргагүй хүйн холбоогоор сүлжилдсэн түүхийн эдгээр үеүдийг өөр хоорондын зөрчилдөөний үр дагавар мэтээр авч үзэх нь тохиромжгүй юм. Энэ үеүдийн аль алинд нь Та бидний өвөг дээдэс, өнөө үеийнхний жаргал зовлон, алдаа оноо, амжилт бүтээл сүлэлдэн буй. Эдгээрийн аль алинд нь авах гээхийн ухаанаар хандаж, уламжлал шинэчлэлийг зохистой хослуулах замаар цааш замнах нь зүй ёсонд нийцнэ хэмээн санаж байна. Нэгийг бүрэн үгүйсгэж нөгөөг цоо шинээр ургуулах жамыг байгаль заяасангүй ээ. Нэг нь нөгөөгөөс ургаж илүү боловсронгуйд хүрч болохыг 80 жилийн түүх маань бидэнд хэд хэдэн удаа сургасан билээ. Шинэ зууны эхээр Ардын хувьсгалын маань 80 жилийн ой тохиож буй энэ үед түүхийн сургамжийг дахин санаж ирээдүй өөдөө итгэлтэй алхах нь чухал байна. Бидэнд хийх бүтээх ажил тун их байна, бидний хатыг шалгах түүхэн их сорилт ч хүлээж байна. Өнөөдөр бүрэлдсэн улс төр, нийгмийн нөхцөл байдлыг цэгнэн үзвэл эрх баригч улс төрийн хүчин ард түмнээсээ улс төрийн орчин, нөхцөл, боломж үүнээс илүүг нэмж шаардах, эрх мэдэл санагалзахаасаа урьдаар гагцхүү амласан амлалт, баталсан бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх л үлдэж байна. Та бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө сүүлийн жилүүдэд манай нийгэмд ихэд газар авсаар буй хэт аминч үзлээс юуны өмнө сэрэмжлэн түүний өрөөсгөл талыг даван туулах нь чухал юм. Аливаа үндэстэн хөгжиж дэвжье хэмээн хүсвээс юуны өмнө бие биеэс
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw