218 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Энэ бүхэн бол Монгол Улсын эдийн засаг зөв гольдролдоо орж, сэргэж байгаагийн илрэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Засгийн газар бизнес эрхлэх эрх зүйн орчинг тааламжтай болгох, тухайлбал төрийн оролцоо, тарифын бус зохицуулалтыг зохистой болгох, хүнд суртлыг багасгах, элдэв шат дамжлага, зөвшөөрлийг цөөлөхөд чиглэсэн шат дараалсан арга хэмжээ авч байна. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийг санаачлан Монгол Улсын Их Хурлаар батлуулан мөрдөж байна. Хуулиар тусгай зөвшөөрөл лицензийн тоог мэдэгдэхүйц цөөрүүлж, яам, агентлагууд дээр тусгай зөвшөөрөл олгох Засгийн газрын үйлчилгээг “нэг цэг”-ийн тогтолцоонд оруулж байна. Худалдааг чөлөөтэй болгож, лицензтэй улсын хилээр нэвтрүүлэх барааны тоог цөөрүүллээ. Хилийн боомтууд дээр ажилладаг гааль, ариун цэвэр, хорио цээр, чанарын хяналтын байгууллагуудыг “нэг цэг”-ийн үйлчилгээний тогтолцоонд шилжүүлж хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон импортын барааны эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналт, стандарт, чанарын баталгаажуулалтын ажил үйлчилгээнд мөрдөж байсан төлбөр хураамжийг 2002 оны 7 дугаар сараас эхлэн хүчингүй болгосон. Бараа, тээврийн хэрэгсэлд ногдуулж байгаа төлбөр хураамжийг гаалийн байгууллагаар дамжуулан төсөвт оруулж байхаар зохицуулалт хийлээ. Хяналтын олон агентлагуудыг нэгтгэн Мэргэжлийн хяналтын нэг агентлаг болгон зохион байгуулав. Засгийн газар-Хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог зохион байгуулан ажиллаж бизнест нөлөө бүхий хуулийн төсөл, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх журмын төслийг урьдчилан хэлэлцдэг журам тогтоож Засгийн газар-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бий боллоо. Засгийн газрын санаачлан боловсруулж буй хуулийн төслийг “Нээлттэй засаг” вэб сайтад нийтэлж, иргэдэд хүргэн санал авч байна. Монгол Улсад бизнес эрхлэх улс төр, эрхзүйн тогтвортой орчин, эдийн засгийн болон санхүүгийн таатай нөхцол бүрдсэн нь бодит эдийн засгийг идэвхжүүлэх үндэс суурь боллоо. Инфляцийн түвшин 2002, 2003 онуудад 4,7 хувиас доогуур байсны дотор 2002 онд бүр 1.6 хувьд хүрч буурсан нь шилжилтийн үе эхэлснээс хойших хамгийн бага түвшин юм. 1996-1999 онуудад инфляцийн түвшин жилд дундажаар 19.4 хувьтай байсантай зэрэгцүүлэхэд макро эдийн засгийн орчин эрс сайжирч, тогтворжсон нь харагдаж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханш харьцангуй тогтвортой байна. 2000-2003 онд төгрөгийн ханшны уналт ердөө 6.5 хувь болж, 1996-1999 онд энэхүү үзүүлэлт 54.6 хувь байсантай харьцуулбал байдал эрс сайжирсан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw