МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 17 Энэ оны улсын төвлөрсөн төсөвт нийгмийн эмзэг, ядуу болон нийт иргэдийн хүүхдийг суралцах боломжийг жигд хангах, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохих өөрчлөлтийг орууллаа. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардал, ядуу, зүдүү олон хүүхэдтэй айлын хүүхдийн хичээлийн хэрэгсэл, Их, дээд сургуульд хоёроос дээш хүүхэд нь суралцаж байвал уг өрхийн нэг хүүхдийн сургалтын зардлыг төрөөс тус тус хариуцахаар тогтоолоо. Чуулганы хугацаанд үргүй зардал, үйл ажиллагааны болон орон тооны давхардлыг багасгах чиглэлээр төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Улсын Их Хурлаас байгуулагддаг зарим байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, асуудлыг шийдвэрлэлээ. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалтыг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангах үүднээс аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргаж, орон нутгийн ээлжит сонгууль явуулах хугацааг товлон зарлалаа. Ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн дагуу Улсын ИхХурал болон Байнгын хороодоос шалгалтын хэсгүүд байгуулан Улсын Их Хурлаас батлан гаргасан зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан нь шинээр сонгогдсон Улсын Их Хурал, Засгийн газрын цаашдын үйл ажиллагааны чиг шугамыг оновчтой тодорхойлоход чухал арга хэмжээ боллоо. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг чуулганаар хэлэлцэж, цаашид банк, санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, банкны удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэх арга хэмжээг шуурхай авлаа. Түүнчлэн ээлжит бус чуулганы хугацаанд “Алан хядах зорилгоор бөмбөг хэрэглэхтэй тэмцэх тухай” Олон улсын конвенцийг соёрхон баталсан нь олон улсын хэмжээний террорист үйл ажиллагаатай тэмцэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ дотоодын ийм үйлдэл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чухал үр нөлөөтэй болно гэж үзэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын даргын 2000 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар товлон зарласан Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зорилтоо ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаануудад 80-90 хувийн ирцтэй, идэвх хариуцлагатай ажиллаж байсан бөгөөд цаашид ч ингэж ажиллана гэдэгт итгэл төгс байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw