МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 115 Олон жилээр улиг болон яригдаж, бүрэн шийдэлд хүрэхгүй хүлээгдэж байгаа газар, чөлөөт бүс, төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын болон нэгэнт үзэл баримтлал нь батлагдсан атлаа үйл ажиллагааны эхлэл тавигдахгүй жил болж буй бүсийн төвүүд, тэдгээрийн удирдлага зохион байгуулалтын асуудлаар энэ удаагийн чуулган даацтай, мэргэн шийдэл гаргана гэдэгт найдаж байна. Олон түмэн ч хүсэж, бас хүлээж байна. Тухайлбал газрын асуудал нэн эмзэг, нухацтай бодох, бүх нийтийн саналыг харгалзан шийдэх асуудал мөн. Гэхдээ л газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүний үр шим өгөөж, хэвлийн баялгыг зөв зохистой ашиглах, бас нөхөн сэргээх, хамгаалах, аж ахуйг эрхлэн тогтвортой үйлдвэрлэл явуулахын тулд Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгосон энэ асуудлыг хойшлуулах цаг хугацаа үлдээгүй шүү гэдгийг зориуд онцлон хэлье. Өнгөрсөн намрын чуулган Иргэний, Эрүүгийн болон тэдгээртэй холбоотой багц хуулиудыг хэлэлцэн баталснаар эрх зүйн шинэтгэлийн хүрээнд чухал алхам хийснийг сайшааж байна. Харин одоо энэ алхмаа залгуулан, асуудлыг иж бүрэн шийдэх үүднээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хууль хамгаалах байгууллагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой хуулиудыг шинэчлэх нь зүйтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барихаар бэлтгээд байгаа Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын шинэчлэлд ач тусаа өгөх болно. Улсын Их Хурал улс орны тулгамдсан тодорхой асуудлаар бодлогын хомсдол, тодорхойгүй байдал гаргаж олон түмнийг цөхрөнг байдалд оруулж огт болохгүй. Ингэхдээ энэ Их Хурлыг улс орныг ийм байдалд оруулчихлаа гэсэн шууд утгаар бус, парламентат ёсны 10 жилийн сургамжаас үүдээд үе үеийн Их Хурал үүнийг ямагт санаж ажиллах ёстой гэдгийг хэлж байгаа юм шүү. Нөхцөл байдлыг мэдэрч бодлогоо ч, үйл ажиллагаагаа ч бас өөрчлөх учиртай. Төрийн тэргүүний хувьд би өмнөх парламентаас төрийн тогтвортой байдлыг хангахыг шаардаж ирсэн бол энэ парламентаас улс төрийн тогтвортой, тааламжтай нөхцөлд юу хийх ёстойг шаардах болно. Улс төрийн тогтвортой байдал гэдэг бол зорилго биш зорилгодоо хүрэх, зорилтоо биелүүлэх нэг л таатай боломж нөхцөл юм. Харин эцсийн зорилго нь хүний хөгжил. Иргэн хүнд өгөөжөө өгөхгүй улс төрийн тогтвортой байдал гэдэг хуурмаг байдал төдийгүй эргээд таагүй байдлыг төрүүлэх нөхцөл болж болно. Иймд Засгийн газраа иргэн хүнд өгөөжөө өгөхүйцээр идэвхтэй, үр нөлөөтэй ажиллуулах, ингэж ажиллахад нь бүх талаар туслах нь парламентын нэн чухал үүрэг мөн. Одоогийн Засгийн газрыг гаргаж буй хүчин чармайлтын талаас нь муу ажиллаж байна гэж хэлэх үндэс байхгүй. Гэвч үр дүнгийн талаас нь үзвэл чамлалттай байна. Иргэд гагцхүү үр дүнг шаардана, түүгээр хариуцлага тооцно гэдэг нь л гарцаагүй үнэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw