Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (2015.09.18) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ. Мөн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэлээ. Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан Өршөөлийн тухай хуулийн бусад хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно. Ингээд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2015.10.01-2016.02.05) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.10.01) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Өнөөдөр Улсын Их Хурлын долоо дахь удаагийн намрын ээлжит чуулган нээгдэж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсад олон чухал тэмдэглэлт үйл явдал тохиолдлоо. Тухайлбал, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан уламжлалт арга хэмжээнүүдээс гадна Ардын Их Хурлын дарга, орлогч дарга, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн парламентын дарга, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хүндэтгэлийн хуралдааныг энэ танхимдаа хийсэн. 115

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw