2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, (2015.07.10) Өнөөдөр Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өндөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэж баталлаа. Хаврын чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017- 2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд батлагдлаа. Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойллоо. Үндэсний үйлдвэр стандартын шаардлага хангасан бараагаар дотоодын хэрэгцээг хангах боломжтой тохиолдолд гадаадын бараа нийлүүлэгчийг тендерт шалгаруулахыг хориглох, эх орондоо үйлдвэрлэж байгаа 370 орчим нэр төрлийн импортын бараанд ногдуулж байсан 5 хувийн гаалийн албан татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх, түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг болгох өөрчлөлтийг холбогдох хуулиудад хийж, дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг батлах, гаалийн албан татварын хувь хэмжээг барааны онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олголоо. Ингэснээр түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо. Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан аж ахуйн томоохон нэгжүүдийг хувьчлах явцад хөрөнгийн биржээр хувьчлах ажиллагаанд Засгийн газар онцгой анхаарч холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах хэрэгтэй. 108
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw