Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэж Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой болохыг эрхэм гишүүд Та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Миний ойлгож байгаагаар эдгээр хуулиудын үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн тухай хууль аль болохоор тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Сүүлийн үед төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар Улсын Их Хуралд олон арван гомдол, санал ирж байгаад сэтгэл эмзэглэж байна. Төрийн албан хаагчдыг халж солихын тулд намууд хамтарч ажиллаагүй гэдгийг Засгийн газар, салбар хариуцсан сайд нар анхааралдаа авч бүх шатанд халаа сэлгээгээ яаралтай зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчид бол төрийн албаны хуулиар зохих ёсоор хамгаалагдсан хүмүүс. Тийм учраас Төрийн албаны зөвлөл энэ асуудалд анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна. Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсэж байна. Энэ нь 2010 онд Улсын Их Хурлаар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авлаа. Гэрээ, хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүд Та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээр гэрээг уншаад, Засгийн газар яагаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. 106

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw