3 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай олон хуулиуд хүлээгдэж байгаа учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсад хавар ирж, дэлгэр сайхан цаг айсуй. Гэсэн ч гурван хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхээр байна. Уг нь Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, байгалийн баялаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг билээ. 1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрсний дараа эргэн харахад монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ. Тиймээс хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагт санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, монгол хүний хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Ийм учраас эхний шатанд дараах үндсэн гурван чиглэлд анхаарлаа төвлөрүүлж, хүчээ нэгтгэж ажиллахыг Эрхэм гишүүддээ уриалж байна. Нэгдүгээрт. Парламентат ёсыг төлөвшүүлж парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсынхаа төлөө өргөсөн тангаргаа сахин биелүүлж, хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйг дээдлэн, сонгогч түмнийхээ итгэлийг дааж, ард түмний засаглах эрхийг төлөөлөн хангах нь Улсын Их Хурлын гишүүдийн эрхэм үүрэг мөн. Парламентат ёсыг төлөвшүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага, иргэдийн дунд Улсын Их Хурлын нэр хүнд сайнгүй байгааг нуух хэрэггүй. Тиймээс парламентын шинэчлэлийг зоримог хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар олон улсын парламентын жишиг, чиг хандлагатай харьцуулсан иж бүрэн судалгаа шинжилгээг анх удаа хийж дуусгалаа. Улсын Их Хурлаас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлагын талаар гишүүд, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгийг энэ асуудлаар зохион байгууллаа. Ийнхүү олон улсын парламентын туршлагыг өөрийн орны парламентын хуралдааны дэг журамтай харьцуулан судалсны эцэст парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw