Чуулганы танилцуулга

7 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр үндэслэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн танилцуулгад 29 арга хэмжээ 0-40 хувийн биелэлттэй, нийт 136 арга хэмжээний хэрэгжилт 76.7 хувьтай байгаа тухай дурджээ. Иргэд, сонгогчдод өгсөн амлалт хэрхэн биелж байгаа вэ гэдэгт бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, дутуугаа гүйцээх чиглэлээр тодорхой санал, санаачилгатай ажиллах нь сонгогч олны өмнө та бидний хүлээсэн хамтын үүрэг хариуцлага юм. Гишүүд энэ өнцгөөс асуудалд хандаж, мөрийн хөтөлбөрийн 5 багц асуудлаар ажлын хэсэг байгуулж, тус бүр нэг багц сэдэв, асуудал хариуцан авч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Ард иргэдийн санал шүүмжлэл, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдээс Улсын Их Хуралд ирүүлсэн зөвлөгөө анхааруулгыг нэгтгэн дүгнэж үзвэл, нэгдүгээрт, шүүх засаглалаа цэгцлэх, хоёрдугаарт, Улсын Их Хурлын унасан нэр хүндийг сэргээх, шинэчлэл хийх, гуравдугаарт, Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахад чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх шаардлагатай байна гэсэн 3 чиглэлд төвлөрч байна. Түмэн олноо төлөөлөх онцгой эрхтэй гишүүдийнхээ ард олныхоо төлөө гэсэн шударга, зөв ажил үйлсийг бүх талаар дэмжиж ажиллахыг Улсын Их Хурал үүргээ гэж үзэх болно. Улсын Их Хурлын гишүүд бид ард түмнийхээ төлөөлүүлж олгосон эрхийн томилолтоор төрийг түшиж яваа учир төрийн ёс зүй, сахилга, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай. Иймд тендер, концесс, хөрөнгө оруулалт, бизнес зээл зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд оролцохыг хориглосон Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг шинэчлэн боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Ёс зүйн хороонд чиглэл болгож байна. Төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаа бол бидэнд ногдсон онцгой хариуцлага, хүндэт үүрэг мөнийг санаж, олон түмнийхээ итгэлийг бүрэн даахын төлөө хичээж ажиллацгаая. Бид Монгол Улсынхаа төлөө, монгол түмнийхээ тусын тулд гэсэн нэгдмэл нэг л зорилготой. Улс эх орон, монгол хүнийг хөгжүүлэх эрхэм зорилгодоо хүрэхэд туслах зөөлөн хэрнээ том хүч нь монгол хүний хөгжлийн төлөө, Монгол Улсын төлөө эв нэгдэл юм. Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгоё, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандъя, хамтраад бүгдээрээ бурууг засах, зөвийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэе гэж уриалж байна. Засгийн газрын сайд тус бүр ард түмэндээ өгсөн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Зуны сар зургаа биш ээ. Эдийн засгийн ирээдүйн төлөв байдал экспортыг эрчимтэй хөгжүүлэхийг шаардаж байна. Төмөр зам, газрын тосны үйлдвэр барих, Тавантолгой болон бусад томоохон төслийг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төслүүдээ бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүргэх, ажлын байр олноор бий болгож, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw