3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа Засгийн газрын гишүүд ээ, 2012 оны Улсын Их Хурлын Сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн батлуулаад ажилдаа орлоо. Улс орон даяар намрын их ажил эхэллээ. Намрын ээлжит чуулганыг хүлээлгүй яаралтай шийдэх асуудлууд хуримтлагдснаас Улсын Их Хурал ч гэсэн ээлжит бус чуулганаа эхлүүлэх гэж байна. Хоёр сарын дараа болох аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон цаг хугацааны хувьд яаралтай шийдвэрлэх зарим хуулиудыг хэлэлцэх зорилгоор энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг энэ оны 6 дугаар сард Улсын Их Хурлын сонгуультай нэг өдөр явуулсан тул одоо үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарлаа. Аймаг, сум, дүүргийн сонгуулийг энэ жилийн амжилттай явагдсан Улсын Их Хурал, Нийслэлийн сонгуулийн сайн туршлага, тухайлбал санал тоолох машин хэрэглэх, сонгогчдын бүртгэлийн системийг ашиглан явуулахаар Улсын Их Хурлын зарим гишүүд хуулийн төсөл өргөн бариад байна. Иймд Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцож, аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухай хуулийг шинээр хэлэлцэн батлах шаардлагатай байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрдэх явц, 1995-2000 он хүртэлх нийгмийн даатгалын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамаарсан нийгмийн шилжилтийн улмаас албан бус хөдөлмөр эрхэлж байсан эсвэл ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлэх, цаашид тэдний тэтгэврийн даатгалын баталгааг хангаж өгөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь тэтгэвэр тогтоолгох насандаа ойртсон иргэд ажилласан жилээ нөхүүлж, тэтгэвэр тогтоолгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw