135 “ТӨРӨӨС СОЁЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого батлах тухай” бодлогын баримт бичгийг батлав. Энэхүү бодлогын хүрээнд дараах зорилтыг шийдвэрлэх болно. Үүнд: 1/ үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлнэ. Энэ зорилтын хүрээнд соёл, урлагийн салбарт бие даасан бүтэц бий болгож, удирдлага, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох, орон нутгийн соёл, урлагийн байгууллагыг бүсчилж хөгжүүлэх, энэ салбарт шударга, чөлөөт өрсөлдөөн бий болгох, соёл, урлагийн хөгжлийн индекс тооцох аргачлал боловсруулж, мөрдүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2/ соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин, нөхцөл бүрдүүлнэ. Энэ зорилтын хүрээнд иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, соёл, урлагийн суурь болон хавсарга судалгааг хөгжүүлж, албан болон албан бус сургалтад ашиглах, соёлын чиглэлээр жижиг, дунд үйлдвэр байгуулах, соёлын өвийг хадгалж, хамгаалах сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн иргэдийн санал санаачилгыг дэмжих, соёлын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгож, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна. 3/ соёлын өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд соёлын өв санг төрийн хамгаалалтад байлгах, монгол үндэстэн, угсаатан, үндэстний цөөнхийн өв соёл, түүх, ёс заншлыг адил тэгш хүндэтгэн үзэх, өвлүүлэн хөгжүүлэх, монгол үндэсний соёлын өвийг хууль бусаар гадаадад гаргахаас сэргийлэх, хууль бусаар гаргасан нь тогтоогдсон бол эх орондоо эргүүлэн авчрах эрх зүйн орчныг бүрдүүлэх, монголын соёлын өв, дурсгалыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх зэрэг арга хэмжээ авна. 4/ үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw