Чуулганы танилцуулга

33 Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулганаар шийдвэрлэсэн нэг асуудал бол шүүхийн тухай, шүүгчийн болон хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд юм. Эдгээр багц хуулиуд нь шүүх эрх мэдлийн амин чухал асуудлуудтай холбогдож байна. Цаашдаа шүүхийн үйл ажиллагаанд нээлттэй, ил тод байдал нэвтрэх болно. Шүүхийн захиргаа болон шүүхийн төсвийн бие даасан байдал хангагдана. Бүхэлдээ шүүгчдийн ур чадвар, хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын иргэн хэн боловч хэрэг маргааныг шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн иргэний эрхийг хангах нөхцөл урьд урьдынхаас өргөн хүрээнд бүрдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хэрэгжилтийн хугацааг нааш татах талаар тавьсан хоригийг хэлэлцэж уг хоригийг хүлээн авлаа. Ингэснээр сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль 2012 оны тавдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчлэх юм. Улсын Их Хурлын ээлжит бус энэ чуулганаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ удаа үүнийг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх бэлтгэл хангагдаагүй байх тул УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг хойшлуулж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw