Чуулганы танилцуулга

32 Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёд оо, Улсын Их Хурлын 2012 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бид үндсэнд нь шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулган юуны өмнө Монгол Улсын 2012 оны улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр: төсвийн байгууллагуудын цалин, өндөр насны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хугацааг наашлуулж, 1995 оноос өмнө үеийн цалингийн түвшингээр тэтгэвэр нь тогтоогдсон ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тэгшитгэх асуудлыг шийдвэрлэлээ. Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд орсон өөрчлөлттэй уялдан төсөв зарцуулах эрх шилжихтэй холбогдсон асуудалд зохицуулалт хийлээ. Цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийн нэмэгдлийг эхний ээлжинд хоёрдугаар сарын нэгнээс эхлэн тооцож олгохоор боллоо. Энэ оны тавдугаар сарын 1-нд цалин, тэтгэврийг дахиж нэмэгдүүлэх болно. Энэ бүхний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 2008 оныхоос 2 гаруй дахин нэмэгдэж, ахмадуудын санал болгож байдаг тэтгэврийн зөрүү арилж байгаа юм. Энэ явцад тэтгэврийн доод хэмжээ илүүтэй өсч, нийт дүндээ тэтгэврийн дундаж хэмжээ 2008 оныхоос мөн 2 гаран дахин нэмэгдэнэ. Нийгмийн асуудлаар үе шаттай авч буй энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг нэмж тусгалаа. Нийгмийн даатгалын сангийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байсныг хуульд нэгбүрчлэн суулгаж өглөө. Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд төгрөг; нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.0 тэрбум төгрөг болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw