Чуулганы танилцуулга

2 Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёдоо Улсын Их Хурлын ээлжит чуулганыг нээхээр Та бид хуран цуглаад байна. Чуулганы нээлт маань улс орны хэмжээнд улс төр, нийгмийн идэвх сэргэсэн, стратегийн орд газруудыг эзэмших болон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, зарим аймагт өвөлжилт хүндрэлтэй байсан ч урин дулаан хавартай золгож, малчны хотонд нялх төлийн дуу цангинасан цаг үетэй давхцаж байгаагаараа онцлогтой байна. Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд чамлалтгүй олон хууль тогтоол, бодлогын баримт бичгийг баталсан. Цаг хугацааны баримжааллаар авч үзвэл, бид энэ хаврын чуулганаар бодлогын хувьд онцлон үзэх хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эх орны нэн тулгамдсан улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Чухал гэж үзсэн язгуур эрх ашгийн асуудлууд юуны түрүүнд Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхээр байна. Монгол Улсын Үндсэн хууль шинэчлэн батлагдсанаас хойшхи хорин жилд хөгжил дэвшил, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө бидний хийж бүтээсэн зүйл их ээ. Эдийн засаг, соёл, нийгмийн бахархам ололтууд ч дэвжин бэхэжсээр байна. Эдгээр нь хэний ч өмнө хэлэх, бахархах бодит үйл хэрэг, бидний ажил, түүний үр дүн юм. Их зүйлийг бүтээж, хийж байгаа ч, үүнээс илүү сайн сайхан амьдрал, илүү хөгжил дэвшилд хүрэхийг тэмүүлэх, төгөлдөржүүлэх нь жам ёсны бөгөөд орхигдууламгүй явдал билээ. Ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, намуудын тавьж байгаа санал, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан төслийг нэгтгэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бид энэ хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх болно. Иргэндээ үйлчилдэг, хууль дээдэлдэг, хариуцлагатай, нээлттэй төрийн тогтолцооны шинэчлэл шаардагдаж байна. Энэ шинэчлэл нь Монгол Улс парламентын засаглалтай байхаар тунхагласан Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг тууштай хадгалан, ард түмний төлөөллийн байгууллагын ардчилсан шинж чанарыг улам бэхжүүлэх, төрийн дээд байгууллагуудын уялдаа холбоо, харилцан хяналт, эрх мэдлийн тэнцвэрийг хангасан байхыг чухалчилна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw