Чуулганы танилцуулга

134 Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Монголын ард түмний уламжлалт их баяр наадмын өмнөхөн, байгаль дэлхий өгөөжөө харамгүй дэлгэсэн, зон олны сэтгэл тэнийсэн зуны энэ сайхан өдөр хаврын чуулганы хаалт болж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаас үзэхэд манай орны эдийн засгийн бүх салбар, чиглэлд нааштай үр дүн гарчээ. Иргэдийн мөнгөн хуримтлал, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт өсч, улсын төсөв, банкны мөнгөн санхүүгийн чадамж нэмэгдлээ. Дотоодын компаниудын үйл ажиллагаа өргөжжээ. Улсын Их Хурлаас инфляцийг жилдээ нэг оронтой тоонд барих талаар тавьсан зорилт хангагдах боломжтой байна. Хэрэглээний үнийн индекс 4,7 хувьтай гарлаа. Нэн анхаарууштай нь инфляци, үнийн өсөлтийг хөөрөгдөхгүй байх явдал юм. Голлох нөлөөтэй бараа, бүтээгдэхүүн, тухайлбал шатахууны хангамжийг сайжруулах талаар Засгийн газар онцгой анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 58.6 хувиар өсчээ. Ингэснээрээ төсвийн нийт зарлагаа бүрэн санхүүжүүлж, цаана нь 104 тэрбум төгрөг үлдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын банкин дахь мөнгөн хөрөнгө өнгөрсөн оны мөн үеэс 63 хувиар өсч, 5.8 их наяд боллоо. 2010 оны улсын тооллогын дүнгээс үзэхэд хүн амын нийт дүнд баялаг бүтээгчдийн хувийн жин өсч, 1989 онд зуун хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөр эрхлээгүй нь 86 ногдож байсан бол өнөөдөр 45 хүн болж буурчээ. Ийнхүү баялаг бүтээгчид эрс нэмэгдлээ. Эдгээр нь монголчууд бидний ирээдүйн төлөөх итгэл, сэтгэлийг бадрааж, урам зоригийг улам нэмэгдүүлж байна. Эдийн засгийн ийм нааштай ахиц нь нийгмийн бэрхшээлтэй асуудлыг эерэгээр шийдэх боломжийг нэмэгдүүлж байна. Харин улс төрийн тогтвортой байдлыг хадгалах замаар ажил, үүргээ улам чамбай гүйцэтгэх нь улстөрчид Та бидний зорилго бөгөөд энэ нь ард нийт, улс орны эрх ашигт бүрнээ нийцнэ. Өнөөдөр уул уурхайд хүн болгон анхаарал тавьж түүний хувь хишиг, өгөөж, үр дүнгийн талаар ярилцах боллоо. Энэ нь ч зүй ёсны хэрэг ээ. Гэхдээ бид зөвхөн байгалийн бэлнийг хүртэхийг булаацалдаж суух биш, түүнийг зөв хуваарилж, хөдөлмөрөө шингээж, өөрсдөө нийгмийн баялаг үйлдвэрлэн бүтээхийг чухалд үзэж байна. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар ард

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw