119 “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2012 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурал төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг баталдаг. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 2011 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 82 хувийн саналаар баталсан болно. Засгийн газар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, салбаруудын хөгжлийн хөтөлбөр, үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагуудаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг боловсруулжээ. 2012 оны Үндсэн чиглэл нь Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүдэд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж, ялангуяа ашигт малтмал, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эхлэх, санхүү, эдийн засгийн хүндрэлийн дараах сэргэлтийг бататгах, эдийн засгийг төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэн иргэн бүрт эх орны хувь, хишиг хүртээх, ажил хөдөлмөр эрхлэх, орлоготой болоход нь төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж байна. Тогтоол нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийг хавсралтаар батлах тухай болон үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон заалтуудаас бүрдэж байгаа бөгөөд тусгагдсан 21 зорилт, 145 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 3.6 их наяд төгрөг, түүний дотор улсын төсвөөс 1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw