100 ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба уг хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 4.1.1-д "Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчмыг баримтлан эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн төлөв байдлыг судлан тодорхойлж, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах замаар хуулийг боловсронгуй болгох" зорилтыг дэвшүүлсэн. Энэ чиглэлийн хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 400 гаруй хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх, эрх зүйн шинэчлэлийн шинэ үеийг эхлүүлэхэд нэгэн зэрэг олон хуульд өөрчлөлт оруулах боломж бүхий "багц хуулийн төсөл" гэсэн хэлбэрийг шинээр бий болгох шаардлагатай болсон. Одоогийн байдлаар эдийн засаг, иргэний чиглэлийн хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчлийг арилгах судалгаа хийгдээд, энэ судалгааны үр дүнд хэд хэдэн багц хуулийн төсөл боловсруулаад Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болсон байна. Уг хууль батлагдсанаар хууль, тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, тэдгээрийн уялдаа, холбоог сайжруулах ажлыг богино хугацаанд, үр дүнтэй явуулах эрх зүйн орчин бүрдэхээс гадна хуулийн төсөл санаачлагчаас нэг нэгээр нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлагдах эсэхээ Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх асар их хугацаа алдсан ажлыг хөнгөвчлөх үр дүнтэй ажил болох нөхцөл бүрдэж байгаа юм. Хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд оруулсан нэмэлт нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготой багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газраас өргөн мэдүүлж байхаар, ингэхдээ төслийн үзэл баримтлалыг тодорхойлохгүй байхаар тусгагдсан болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Нарантуяа
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw