87 Хавсралт-3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЛЦУУЛГА Нэг. Оршил Эрүүл мэндийн тухай хууль нь анх 1998 онд батлагдсан бөгөөд батлагдан мөрдөгдсөнөөс хойш нийтдээ 17 удаа 139 нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуулийн зүйл, хэсэг, заалтын нэгдмэл дугаарлалт болон тэдгээрийн хоорондын уялдаа алдагдаж, хуулийг хэрэглэхэд төвөгтэй байдал үүссэн нь уул хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагыг бий болгосон юм. Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хуралд 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал гурван чуулган дамжуулан маш нухацтай хэлэлцэж, 2011 оны 5 дугаар 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа батлан гаргалаа. Хоёр. Хуулийн агуулга Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 9 бүлэг, 46 зүйлтэй. Хуулийн Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, эрүүл мэндийн хууль тогтоомж, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, үндсэн зарчмын талаарх заалтууд тусгагдлаа. Хуулийн Хоёрдугаар бүлэгт эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрхийн талаарх заалтууд тусгагдав. Хуулийн Гуравдугаар бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлийн талаарх заалт тусгагдсан бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн үндсэн хоёр төрөлтэй байх юм. Хуулийн Дөрөвдүгээр бүлэгт эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүрэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагын удирдлага, эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэг, эрүүл мэндийн байгууллагын дүрэм, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг магадлан итгэмжлэх талаарх заалтууд тусгагдсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw