23 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод анхдугаар чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 44-ийг хэлэлцэж, Байнгын хорооны 37 санал, дүгнэлт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороод иргэний 7 өргөдөл, гомдол хүлээн авсан бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 23 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 5 албан бичигт хариу өгсөн байна. Нэг. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Төрийн байгуулалтын байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 5 удаа хуралдаж, 11 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 13 тогтоолын төсөл хэлэлцэж, Байнгын хорооны 2 тогтоол баталж, хэлэлцсэн асуудлаар 9 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 2 санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүллээ. Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудын нэг нь Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбогдсон бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын багц асуудал бөгөөд Байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Энэ хуулийн дагуу Улсын Их Хуралд Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороо, мөн Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн хоёр дэд хороо шинээр байгуулагдав. Хоёр. БУСАД БАЙНГЫН ХОРОО 1) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 3 удаа хуралдаж, 3 асуудал хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол 1 баталж, 2 санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. 2) Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 2 удаа хуралдаж, 2 асуудал хэлэлцэж, Улсын Их Хурлын 1 тогтоолын төсөл, 2 санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. 3)Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 1 удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар 1 санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw