Чуулганы танилцуулга

9 Нотариатч нь нотариатын үйлдлийг буруу хийсэн, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосон зэрэг бусад буруутай үйлдлийн улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын даатгалд заавал даатгуулснаар иргэд, хуулийн этгээдэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн чухал ач холбогдолтой алхам болно гэж үзэв. Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг анх удаа батлан гаргалаа. Үйлдвэржүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Хөгжлийн банк байгуулах талаар 2008 онд Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичигт тусгагдсан юм. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт чиглэх хөрөнгийн урсгал ихээхэн нэмэгдэж, түүнийг зүй зохистой ашиглах, зохицуулах эрх зүйн орчин шаардагдах болсон. Уг хуульд зааснаар Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байх юм. Банкны хөрөнгийг улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөр болон хуульд заасан бусад эх үүсвэрээр бүрдүүлнэ. Энэ банкны үйл ажиллагааны нэг нь Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд уг зээлийн дээд хэмжээг Улсын Их Хурал тогтоох юм. Хуулийн энэ заалтыг үндэслэн Улсын Их Хурал тогтоол гаргаж Засгийн газраас Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 24.7 хувиас, 2012 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлт, олон улсын болон европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспорт, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Хөгжлийн банк нь чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгон төрөлжүүлж Монгол Улсын хөгжлийг түргэсгэхэд өндөр ач холбогдолтой юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw