8 өвөл 80 хүртэл хувиар бууруулж, 2013-2014 онд шилжих өвөл нийслэлийг агаарын бохирдолгүй хот болгоно гэж хууль тогтоогчид үзсэн болно. Монгол Улсын Их Хурал 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталлаа. Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг олон улсын гэрээнд заасны дагуу эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангахын тулд ялгаварлан гадуурхах аливаа үйлдэл, дадал, тогтолцооноос татгалзаж, шаардлагатай бүх арга хэмжээ авах, үүний дотор эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг хүлээсэн билээ. Засгийн газраас 2002 оны 274 дүгээр тогтоолоор баталсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Улсын Их Хурлын 2008 онд баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг бодлогын баримт бичигт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх, бие даасан хуультай байх зорилт дэвшүүлсэн. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэг нийгмийн бүх хүрээ, салбарын үйл ажиллагаанд хамааралтай учир энэхүү харилцаанд төрийн байгуууллага, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлагын хэм хэмжээг тогтоох зорилгоор дэлхийн улс орнуудад жендэрийн харилцааг бие даасан хуулиар зохицуулдаг практик тогтсон байна. Эдгээр үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хуулийн төсөл боловсруулна” гэж заасан нь энэ хуулийг боловсруулах үндэслэл болсон байна. Ингэснээр манай улс анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг баталгаажуулсан бие даасан хуультай боллоо. Шинэчлэн найруулсан Нотариатын тухай хуулиар нотариатаар гэрчлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар тогтоохоор болж бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шийдвэр гаргаж болохгүй бөгөөд заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлээс бусад үйлдлийг зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчлэхээр боллоо. Мөн холбогдох 25 хуульд төрийн захиргааны байгууллага болон бусад албан газарт хандахад баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг заавал өгөхөөр хуульчилсан байсныг хасч тухайн баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтан хуулбарыг нь эх хувьтай нь тулган өөрсдөө үнэ төлбөргүй “хуулбар үнэн зөв” гэсэн тэмдэглэгээ хийж авдаг байхаар хуульчиллаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw