Чуулганы танилцуулга

4 амлалтыг биелүүлэхийн төлөө ажиллацгаая. Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөр хийх, иргэдийн өнөөгийн бодит амьдралд тодорхой тус дэм үзүүлэхүйц хэлбэрээр уг ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Амьдарлын үнэхээр хүндрэлтэй иргэдийн амьжиргааг дэмжихэд мөнгөн хэлбэрээр туслах, олон хүүхэдтэй нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх үйлчилгээнд анхаарах нь бидний санаа зовох зүйл төдийгүй, шууд үүрэг билээ. Бид бүхнээс бүтээлч, уйгагүй хөдөлмөр, ажлын нягт зохион байгуулалтыг иргэд хүлээж байгаа. Дутагдал бэрхшээлийг давж урагшаа ахиулан харвал эх орны дүр төрх өөдрөг байгааг дээр миний хэлсэн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс мэдэж болно. Гэвч ажилд багагүй дутагдал байгааг хэлэхгүй байж болохгүй. Засаж залруулахыг бодох, хичээх шаардлага их байна. Манай оронд хууль хэрэгжүүлэх ажилд үлэмжхэн дутагдал оршиж байна. Нэлээд тохиолдолд хэрэгжүүлэх үйл явц өөрөө иргэдэд ойлгомжгүй, үнэндээ зарим тохиолдолд буруу арга, муйхар шаардлагаар хуулийн хэрэгжилтийг хангуулах гэсэн явуургүй арга барил ажиглагдаж байна. Нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхийн оронд тайлбар тавьж, аливаа бэрхшээл дутагдлыг гарсан, “гараагүй” хуулиудад тохох гэж оролдож байна. Хуулийг хэрэгжүүлэхгүй байх, санаатайгаар хүчгүйдүүлэх гэсэн илрэл ч гарах болов. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж эрх зүйт төрийг төлөвшүүлэхийн тулд бид хуульд захирагдах ёстой. Хяналт муу тавьж байгаа учраас хэрэгжихгүй, хэрэгжүүлэхгүй гэсэн ойлголт байх ёсгүй. Хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг л гүйцэтгэх засаглал хэмээн ойлгоно. Хуулийн хэрэгжилт төрийн бүх шатны байгууллага, ард иргэд, сонгогчдын хамтын хүчин чармайлтаар хангагдана. Зөвшөөрөл, лиценз, газар, байгаль экологитой холбоотой иргэдийн маргаан тэмцэл, тэдний тавьсан шаардлага хангагдахгүй байгаа, шудрага бус байдлаар ханддагыг зогсоох ёстой. Авилга, шудрага бус байдал газар авсан, төр захиргааны зарим ажилтаны иргэдэд хайнга ханддаг, ихэрхсэн үйл ажиллагаа, өөрсдийгөө илүү бөөцийлж иргэдийн ажил үйлсэд ёс төдий ханддаг явдал байсаар байна. Архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчил иргэдийн сэтгэлийг зовоох боллоо. Энэ бүхэн дээр суурилсан нийгмийн дургүйцэл бухимдал байгааг нуух аргагүй. Харин ч бид дүгнэлт хийж ажиллах ёстой. Улс төрийн хяналтын механизмыг улам чангатгахын зэрэгцээ төрийн бүх шатны байгууллагын албан хаагчдын хувийн санаачлага, чармайлт, ухамсар, хариуцлага нэн чухал байгааг энд тэмдэглэе. Эрхэм гишүүд ээ, та бүхэн сонгогчидтойгоо уулзаж, ажил амьдралтай нь танилцаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож, боловсруулах бодлого, хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудынхаа тухайд тодорхой бэлтгэлтэй болсон байх аа. Миний бие саяхан Дорнод Монголын их тал, баруун хязгаарын зарим аймаг, сумдад ажиллалаа. Сурч боловсрох, намрын ургац хураах, хадлан өвс бэлдэх, өвлийн бэлтгэл хангах гээд хүн бүр завгүй, эрмүүн хөдөлмөрлөж байгаа нь харагдав. Зуншлага энэ зун ихэнх нутгаар тааламжтай, малчдын сэтгэл хангалуун байна. Энэ бол намрын өнгө байж болох ч бас амьдрал дээрхи бодит байдал мөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw