186 дулаарлаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг шинээр батлан гаргав. Ан агнуурын хууль тогтоомж зөрчигчдөд ногдуулах хариуцлагыг чангатгаж, байгалийн ургамлын тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулан, дархлан хамгаалсан газар нутгийн хэмжээг 150 шахам мянган га-гаар өргөтгөлөө. Эдгээр нь зөвхөн эхний ээлжийн арга хэмжээ бөгөөд хүнсний хангамжийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах талаар бидэнд хийх ажил цаашдаа ч их байна. Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөхөд Улсын Их Хурал ихээхэн анхаарч байна. Энэ онд л гэхэд улсын төсөвт татан төвлөрүүлэх 79 тэрбум төгрөгийг нийслэлд үлдээхээр болсон. Аймгийн Засаг дарга нарын мэдэж зарцуулах төсвийн хэмжээ нэмэгдсэн. Үүний цаана эрх мэдлийг хариуцлагатай нь хамт орон нутагт шилжүүлж байгаа нь анзаарагдаж байгаа байх аа. Орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх үйл ажиллагаа, төсөв, төрийн албаны хийгээд, ашигт малтмалын холбогдолтой хуулиудын өөрчлөлтөөр дамжин цаашидаа ч үргэлжилэх болно. Энэ нөхцөлд Засгийн газар, түүний бүтцийн байгууллагуудаас аймаг, нийслэлийн мэдэлд үлдээсэн хөрөнгийг оновчтой зарцуулахад тавих хяналтыг сулруулахгүй байх нь чухал. Иргэд сонгогчдын нэлээд хэсгийн хүсч, шаарддаг уул уурхайн үр ашиг өндөртэй төсөлд монголын талын оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж чадаагүй байна. Гэхдээ энэ удаа Улсын Их Хурал үүнээс дутахгүй ач холбогдолтой өөрчлөлтийг ашигт малтмалын тухай хуульд орууллаа. Эрдэс баялгийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамааруулан ашигт малтмалын өсгөн нэмэгдүүлсэн нөөцийн төлбөрийг бий болгов. Эрдэс баялгийн өгөөжөө эх орондоо үлдээж хэрэглэх, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг хэрэгжүүлэхэд энэ татвар ач холбогдлоо өгнө гэж үзэж байна. Оюутолгойн ордыг ашиглах болон бусад гэрээнүүдэд Засгийн газар зохих өөрчлөлтийг энэ хуулийн дагуу нэн яаралтай хийх шаардлагатай байна. Их Хурлаас Их Хурал дамжсан Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг бид саяхан батлан гаргав. Хуульд улс төрийн намын өөрийн төлөөллийн байгууллагын бүрэлдэхүүнд, сонгуулийн үр дүнгээр сонгогдож, томилогддог улс төрийн албан тушаал, түүнчлэн захиргааны албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл доод тал нь 15, дээд тал нь 40-өөс доошгүй хувь байхаар хуульчиллаа. Нийгмийн бүхий л салбар, салаа мөчир бүрт хүйсийн тэгш байдлыг хадгалах эрх зүйн баталгаа ийнхүү хангагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай боллоо. Үүгээр Үндсэн хуулийн дархлааг улам бэхжүүлж, түүний суурь зарчмыг хадгалах, өөрчлөх заалт хэсгийг зөвхөн хуулийн хүрээнд ил тодоор, өргөн олны оролцоотойгоор хэлэлцэн шийдвэрлэж байх юм. Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөл үндсэндээ бэлэн боллоо. Гэхдээ сонгуулийг мөнгөний эрхшээлд явуулдаг байдлыг арилгах, сонгуулийн бүх шатанд гишүүнтэй холбогдсон авилгалын аливаа хэлбэр илэрвэл түүнийг эгүүлэн татдаг хариуцлагын тогтолцоог бий болгох, сонгуулийн тогтолцооны зохистой хувилбарыг сонгох, бусад хуультай нийцүүлэх зэрэг нарийвчлан авч үзэх асуудлууд байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw