Чуулганы танилцуулга

184 Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаандаа ээлжит чуулганыг найман удаа хийдэг билээ. Та бид өнөөдөр 5 дахь удаагийн чуулганаа өндөрлөх гэж байна. Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн томоохон ордуудыг ашиглалтад оруулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хүнсний хангамжийг сайжруулах, малчдын эдийн засаг, нийгмийн баталгааг хангаж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд Улсын Их Хурлын бодлогыг чиглүүлж ажиллалаа. Үйлдвэржилтийг дэмжих, төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн, түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, банк, санхүү, төсвийг баталгаатай, тогтвортой байлгах, төсвийн орлогын баазыг өргөтгөхтэй холбогдсон хууль тогтоомж, бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргасан. Бүрэн эрхийн үлдэж буй арван долоон сар нь Та бидний дөрвөн жилийн ажлын хувь заяаг шийдвэрлэх хугацаа юм. Мөн Улсын Их Хурал гаргасан шийдвэрүүдийнхээ хэрэгжилтийг хангуулж, үр дүнг тооцох ч хугацаа. Хэлэлцүүлэх дарааллаа хүлээсэн олон хууль, бодлогын баримт бичгүүдийг эцэслэн шийдвэрлэх ёстой хугацаа юм. Иймээс бид ажлаа сар бүрээр төлөвлөж, шаргуу ажиллах хэрэгтэй болж байна. Энэ шаардлага Засгийн газарт ч нэгэн адил хамаарна. 2011 он бол хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шийдвэрлэх жил ээ. Эдгээр нөхцөл байдал, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан 2011 онд шахуу зорилт тавьж, төсвөө баталсан. Төсвийн орлого 3.3, зарлага 4,1 их наядад хүрсэн нь хоёр жилийн өмнөхөөс тус бүр нэг их наяд төгрөгөөр нэмэгджээ. Амласнаа хэрэгжүүлэхийн тулд иргэд сонгогчиддоо 702 тэрбум төгрөгийн хишиг, хувь хүртээх болно. Оюутнуудын сургалтын төлбөрт 82 тэрбум, иргэдийн эрүүл мэндийн даатгалд 20 тэрбум төгрөг зарцуулна. Хийсэн бүтээсний үр шим, өгөөж буяныг манай ард иргэд хүртэх учиртай. Иргэдээ ажлын байртай болгохын тулд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 28 тэрбум, хөдөлмөр эрхлэлтийн сангаас 21 тэрбум төгрөг олгоно. Үүний зэрэгцээ сумын хөгжлийн санг байгуулж, түүнд 24 тэрбум төгрөг хуваарилсан. Япон улсын Засгийн газраас олгох 70 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулахаар тохиролцсон. Ийнхүү ажлын байр гаргахад нийтдээ 143 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүгээр 100 мянгаас доошгүй хүний ажлын байр гаргах нөхцөлийг Засгийн газарт бүрдүүлж өгсөн юм аа. Хэн хөдөлмөрлөж бүтээхийг чармайнав, хэн сайн амьдрахыг хүснэв түүнд энэ боломж хүртээлтэй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw