Чуулганы танилцуулга

157 “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАЛААРХИ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”- ын Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлд ”Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар тогтвортой хөгжлийн орчин бий болгоно” гэсэн заалт нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах гол суурь үндэс гэж үзэн Монгол Улсын Засгийн газар “Уур амвсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, нийгэм, эдийн засгийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд нийцүүлэн хөгжүүлэх, эмзэг байдал, эрсдлийг бууруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах, түүнчлэн улс орны үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон эдийн засгийн хөгжил, өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна: 1.Үндэсний хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг өрнүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэгдсэн хөндлөнгийн аудитын тогтолцоо бүрдүүлэх, эрчим хүч хэмнэлтийн шинэ стандартуудыг батлах зэргээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байгаль орчны удирдлага, менежментийн тогтолцоо улам боловсронгуй болно. 2.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хүний эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн зохих тусламж, үйлчилгээний чадамж бүрдүүлж эхлэх, усны эх, сав газрын нэгдсэн менежментийг нэвтрүүлэх, хөв цөөрмийн тоог ихэсгэж гадаргын усны хуримталыг нэмэгдүүлэх, ойжуулсан талбайн хэмжээ үе шаттайгаар нэмэгдүүлж хүлэмжийн хийн шингээлт, газрын доройтолыг сааруулах, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагаа боловсронгуй болгож хүнс, эдийн засгийн суурийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг өрнүүлснээр үндэсний дасан зохицох чадавхыг нэмэгдүүлнэ. 3.Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн жишмэл түлшний хувийн зарцуулалт бууруулах, сэргээгдэх үүсвэрийг нэмэгдүүлэх, дулаан, цахилгааны хэрэглээ бууруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон байгалийн нөөц баялгийн үр ашгийг нэмэгдүүлнэ. 4.Уур амьсгалын өөрчлөлтийн хяналт шинжилгээний сүлжээ өргөжин уур амьсгалын өөрчлөлтийн байгаль экологи, нийгэм, эдийн засгийн салбарт нөлөөлөх байдал, эрсдлийн үнэлгээний чанар сайжирч мэдээллийн хэрэглээ нэмэгдсэнээр шинжлэх ухааны үндэслэлтэй ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх механизм бүрдэнэ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Т.Тайшир

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw