Чуулганы танилцуулга

156 ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Сүүлийн жилүүдэд байгалийн нөөц баялагыг ашиглах замаар эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагаа давамгайлж байгаагаас байгаль орчин ихээхэн доройтож, байгалийн нөөц баялаг хомсдон, дэлхий нийтийг хамарсан экологийн хямрал газар авч байна. Монгол Улсын тухайд нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувьд хайгуулийн болон ашиглалтын лиценз олгогдоод байгаа бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг хийхгүй байх, үржил шим бүхий өнгөн хөрсийг хуулж байгаагаас малын бэлчээр хомсдох, газар тариаланд тохиромжтой талбайн хэмжээ багасах, гол горхи, усны эх бохирдох зэрэг байгаль экологид үзүүлэх сөрөг үзэгдлүүдийн улмаас олон мянган жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон амьтан, ургамал бүхий экосистемийн тэнцвэрт байдал алдагдах болсон. Иймд экологийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан менежмент бүхий тогтолцоог бэхжүүлэх, экологийн эмзэг орчин бүхий унаган байгалаа хамгаалах зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгуудын зарим сумын хэсгийг дамнан орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц ангиллаар, Дундговь аймгийн зарим сумын нутгийг дамнан орших Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авахаар энэхүү тогтоолд тусгасан. Эдгээр газар нутгийг байгалийн нөөцийн болон байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулах шаардлагагүй бөгөөд орон нутаг хамгаалалт болон менежментийг Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудал нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн аргын нэг бөгөөд өөрийн орны онцлогт тохирсон, зохистой ашиглалт, хамгаалалтын горим дэглэмийг нэвтрүүлэн хэрэгжүүлснээр Монгол орны байгалийн ховор экосистем, ландшафт бүхий газар нутгийг онгон дагшин байдлаар нь авч үлдэх таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх үндэс тавигдана. Тогтоолд тусгагдсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдал хангагдах, байгалийн унаган төрх, сонин тогтоц, ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээний түшиц газар болгох, байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх замаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал алхам болно гэж үзлээ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Эрдэнэсүрэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw