155 ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын нэр бүхий 12 гишүүн “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тогтоол батлагдсанаар Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцохоор болов. Мөн төвийн бүсийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниуд болон нүүрсний уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хааж, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэн менежментийг сайжруулж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг хямдруулах, нүүрс боловсруулж ашиглах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгав. Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өртөг, зардлыг хямдруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануур болон бусад нүүрсний уурхайг түшиглэн барьж байгуулах, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэгцээг 3, 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөн шинэчлэх замаар шийдвэрлэхээр боллоо. Мөн улсын төсвөөс татаас олгож байгаа хугацаанд ахуйн цахилгааны үнэ, тарифыг шатлалтай болгон өрх бүрийн сарын хэрэглээний 150 кВтц-ийг одоогийн мөрдөж байгаа үнэ тарифыг индексжүүлэн тооцож, түүнээс дээшхи хэрэглээ болон үйлдвэр, аж ахуйн нэгж ,байгууллагын эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртгөөр тооцох, тэдгээрт чадлын тариф нэвтрүүлж улмаар 2014 оноос эхлэн зах зээлийн зарчимд шилжүүлэн ажиллуулах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Түвшинжаргал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw