Чуулганы танилцуулга

154 Гурав. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ “АРДЫН ХУВЬСГАЛ-90” МЕДАЛИЙГ БИЙ БОЛГОХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, авъяас билэг, сэтгэл зүрхээрээ тэмцэж, ажиллаж амжилт гаргасан олон арван хүмүүсийг алдаршуулах зорилгоор “Тусгаар тогтнол90” медалийг бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2011 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, “Тусгаар тогтнол90” гэсэн медалийн нэрийг “Ардын хувьсгал-90” гэж өөрчлөн 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлав. Уг медалийг Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, ахмад настангууд, эрдэмтэн судлаачид,урлаг соёлын зүтгэлтэн, аж ахуй, нийгэм, соёлын салбар, төрийн болон төрийн бус байгууллагад идэвх, санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүнд тус тус олгох юм. “Ардын хувьсгал-90” медаль нь зүүлт, тэмдэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Медалийн зүүлт нь геометрийн таван өнцөгт зохиомжтой, түүний дээд хэсэг нь Монгол Улсын Төрийн далбааны өнгө болох улаан, хөх, улаан өнгөтэй бөгөөд хөх нь мөнх тэнгэрийг, хоёр талын улаан нь мандан бадрахын бэлгэдлийг илэрхийлэх ба зүүлтний доод хэсэг нь нарыг төлөөлсөн шар өнгөтэй болно. Медалийн тэмдэг нь нарны цацраг, цэцгийн дэлбээ хосолсон дөрвөн зүг, найман зовхисийг дүрсэлсэн шар өнгийн хүрээтэй, хүрээний доторх хөх өнгийн дугуй дэвсгэрийн дээд хэсэгт Ардын хувьсгалын ялалтын бэлгэдэл болсон улаан өнгийн туган дээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг байрлуулжээ. Тугны баруун талд нь шар өнгөөр "Ардын хувьсгал” гэсэн үгийг худам монгол бичгээр дүрсэлж, доод талд сүүн цагаан өнгөөр “90” гэсэн тоог бичсэн байна. “Ардын хувьсгал-90” медалийг бий болгосон явдал нь ард иргэдийг үндэсний өв уламжлалаа мэдэрч, хүнд хэцүүг үүрч, зориг бадрангуй үзэлтэйгээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан ахмад үеэрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй хүн бүрийг нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцон улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө бодитой хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй болгоход тодорхой нөлөө үзүүлнэ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Я.Хишигт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw