Чуулганы танилцуулга

149 ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХИ ТАНИЛЦУУЛГА Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Уг хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэн, санаатай үйлдэгдсэн зарим төрлийн хүнд, онц хүнд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан болон хүнд гэмтэл учирсан хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд төрөөс нөхөн төлбөр олгох зориулалт бүхий “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан” бий болгож Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмж тусгасан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж улсын төсвөөс тодорхой хөрөнгийг “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-д жил бүр төвлөрүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдод олгох нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн олгож байхаар боллоо. Тухайлбал: Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгож байхаар хуульчиллаа. Мөн түүнчлэн хохирогчдод олгосон нөхөн төлбөрийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр буцаан төлүүлж “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-д төвлөрүүлэх зохицуулалтыг хийсэн. Энэ хууль батлагдсанаар дээр дурдсан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид учирсан хохирлынхоо зохих хэсгийг тухайн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн өмнөх шатанд уг сангаас гаргуулан авах эрх зүйн зохицуулалт бий болж байна. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw