215 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Долоо. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбарт: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:”, мөн зүйлийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж заасан. Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд төрийн аливаа бодлого шийдвэрийг гаргадаг төдийгүй үүнтэй адил олон шийдвэр гаргаж байсан. Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэрэг нь улс орон, олон нийтийн эрх ашгийг хохироож, бусдад давуу байдал олгож, хүнд хор хохирол учруулж байдаг гэмт хэрэг тул хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн гэмт хэргийг сэргээн шалгах нь зүйтэй гэж үзсэн болно. 2.Хууль олон салаа утгагүй нэг мөр ойлгогдох, иргэд олон нийтийн хүсэл зорилгод нийцэж, шударга ёсыг тогтоох нийгмийн шаардлагад үндэслэгдэх учиртай. Хууль тогтоогчид хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэсэн эсэх, хэл зүй, найруулгын нийтлэг шаардлага хангасан эсэх, нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлсэн эсэх гэх зэрэг тал бүрээс нь судалж, олон шат дарааллын дагуу хэлэлцэн баталдаг. Монгол Улс 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авилгалын эсрэг конвенцод нэгдэн орсон бөгөөд тус конвенцын 30 дугаар зүйлд “Оролцогч улс бүр өөрийн төрийн албан тушаалтанд чиг үүргээ гүйцэтгэхэд нь олгосон аливаа дархан эрх буюу шүүхийн харьяаллын давуу эрх болон энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг шаардлагатай бол үр ашигтайгаар мөрдөн байцаах, яллах, ийм хэрэгт шүүхийн шийдвэр гаргах боломжийн хооронд зохих тэнцвэрийг эрх зүйн тогтолцоо болон үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлэн тогтоох буюу хадгалахад шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж заасан хүрээнд хуулийг хэлэлцэн баталсан болно. Мөн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалт бол процессын хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл биш бөгөөд процессын шинж чанартай зохицуулалт тул Эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчимд хамаарахгүй гэж үздэг.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5