182 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг гаргасан. Үүнд: “1.Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлан гаргажээ. Тодруулбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон “Авлигын гэмт хэрэг”-ээс бусад гэмт хэргүүд сэргээн шалгагдахгүй ажээ. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлээр тогтоогдсон зарчим юм. Гэтэл хүн ямар гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байснаас шалтгаалж тухайн хүнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль өөрөөр үйлчлэхээр хууль тогтоосон байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд шууд харшилж байна. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах тухай уг хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх” гэсэн 32.8 дугаар зүйл, “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” гэсэн 41.1 дүгээр зүйлд зааснаар прокурор, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянах үндэслэл болдог. Дээрхээс үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баримтлах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй байна. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим юм. Нэгэнт тухайн харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан, уг хуульд заагаагүй байхад “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулиар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх талаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан нь “хууль дээдлэх” зарчимд үл нийцэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5