Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

179 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй байна. 2.Хуульд заасан болзол, шалгуурыг хангаж “нэр дэвшигч” болсон иргэнийг тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангах, улс төрийн зүй бус нөлөөллөөс хамгаалах зорилгоор нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна. Ингэж хуульчлахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан төрөлжсөн хуультай уялдуулах, холбогдох журмыг тусгайлан тогтоох, хууль зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулах нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад “... баривчлах, ... цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... төр, ... байгууллагын албан тушаалтан, ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна. 2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН ГИШҮҮД Ш.ЦОГТОО Д.СОЛОНГО Б.БУЯНДЭЛГЭР Ц.НАНЗАДДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5