Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

144 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухайн этгээдийн гомдол гаргахад нэмэлт шаардлагыг тогтоож байгаа эсэх, энэ эрхийн хязгаарлалт мөн эсэхийг Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд судлан үзэх шаардлага үүсэх ба энэ нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр цаашид анхаарвал зохих асуудал юм. Иймээс Монгол Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүргүүлж байгаа тайлбарыг судлан үзэж, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэж байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс маргаанд холбогдох тайлбар, баримт, мөн холбогдох хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг Улсын Их Хурлын Тамгын газраас гаргуулан авсан болно. ҮНДЭСЛЭЛ: 1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх журам, тендерт оролцогчдын эрх зүйн байдлыг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна. 2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсгийн зохицуулалтаар тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох, түүний дээд хэмжээ 20 сая төгрөг байхаар хуульчилсан нь тендерт оролцогчдод нийтлэг үйлчлэх зохицуулалт байна. 3.Дээрх хуулийн 54, 55 дугаар зүйлд захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах захиргааны байгууллагын харьяалал, шийдвэрлүүлэх журмыг тодорхой тусгасан байна. Мөн тус хуулиар тендерт оролцогч шүүхэд гомдол гаргах боломжийг хуульчилсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг тусгай журмаар хянан шийдвэрлэхээр заажээ. Ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхэд хуулиар аливаа нэмэлт шалгуур, хязгаарлалтыг бий болгоогүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5