658 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэсэн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоох харилцааны нэг гол зүйл нь шүүгч өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө олон нийт болон хэргийн оролцогчоос үзүүлэх зүй бус нөлөөллөөс хамгаалагдах ёстой. Гэтэл хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч би тусгай саналтай байна гээд түүнийг олон нийтэд ил тод болгоод байвал шүүхэд хэн итгэх вэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр таалагдаагүй тал шүүгчийг ялгаварлан үзэх, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шүүгч болон шүүхийн нэр хүндийг унагах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийн “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэсэн заалтад буй хэд хэдэн шүүгч гэсэн ойлголт нь зөвхөн хяналтын шатны шүүхэд хамааралтай байна. Хяналтын шатны 5 шүүгчийн 2 шүүгч нь тусгай саналаа ил тавьсан үед олон нийт шүүгчдийг өөрийн үзэмжээр дүгнэх бөгөөд шүүгч нарыг харьцуулах, шүүхэд эргэлзэх байдлыг бий болгох сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Хамтын зарчмаар хэрэг, маргааныг шийдвэрлэх нь түүний үр дагаврыг хамт хариуцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задлахгүй байх тухай ойлголт юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.4 дэх заалтын “зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөгөөний нууцыг задруулсан;” гэсэн нь ноцтой үйлдэл бөгөөд заавал хүчингүй болгох зохицуулалт үйлчилж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5