Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

602 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн Д.Банзрагч Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэж заасан. Энэхүү өргөдлийг гаргагч би Үндсэн хуулийг батлахад оролцсон Ардын Их Хурлын депутат билээ. Энэ асуудлыг хэлэлцэхэд хувь тэнцүүлэх буюу намыг сонгоё гэсэн санал гарч байсан юм. Гэтэл энэ саналын эсрэг бид нам төвтэй төрөөр 70 жил удирдуулж явж ирлээ. Одоо бид иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьж, иргэн төвтэй төр байгуулах үзэл санаатай зөрчилдөж байгаа тул энэ саналыг хүлээн авч болохгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч дээрх саналыг гаргагч үүнийг няцааж чадаагүйгээр энэ заалт батлагдсан юм. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэжээ. Гэтэл намыг сонгож байгаа нь төлөөлөгчдийн байгууллага, иргэн хоёрын хооронд нам гэгч халхавч орж иргэд төрийн хэрэгт аль болох шууд орох эрх нь зөрчигдөж байна. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж намыг бус иргэнийг сонгохоор ямар ч хоёрдмол утгагүйгээр заажээ. Хэрэв намыг сонгохыг зөвшөөрсөн бол энд ийм болзол нөхцөлийг хангасан намыг сонгож болно гэж зааж өгөх ёстой байсан юм. Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэжээ. Намын томилолтоор нэрсийн жагсаалтын ард нуугдсан Улсын Их Хурлын гишүүнийг ард түмний элч, тэдний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж батлах үндэслэл байхгүй байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5