484 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4. Талууд сайн дурын үндсэн дээр гэрээний харилцаанд ордог. ... Банк, банк бус санхүүгийн байгууллагууд нь хамтдаа санхүүгийн зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд болно. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт зааснаар тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй байдаг. Тиймээс газрыг үл маргах журмаар худалдан борлуулна гэж гэрээндээ заагаад, тэр гэрээг нотариатаар гэрчлүүлээд, улмаар мэдэгдэх хуудас үйлдүүлээд, түүнийг нь шүүх арбитрын шийдвэрийн нэгэн адил зөвхөн баталгаажуулах процедурын чиг үүрэгтэйгээр л оролцсон байхад, шүүхэд хандах эрхээ эдэлж иргэн хүн газрын барьцаатай холбоотой асуудлыг шүүхээр хянуулах эрх хязгаарлагдсан гэж үзэх боломжтой байна. 5. Нэг талд нь давамгай байдалтай банк, банк бус санхүүгийн байгууллага, нөгөө талд нь жирийн хэрэглэгч буюу иргэн хүн гэрээ байгуулж буй банкны зээлийн барьцааны харилцаанд банкны боловсруулсан зээлийн гэрээнд иргэн хүн өөрчлөх бололцоогүйгээр, зөвхөн гарын үсгээ зурах л үлддэг. Энэ гэрээнд банк өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдах шүүхийн бус аргыг сонгох нь дамжиггүй, ингэж ч байгаа. Тэгш байдал хараахан олгогдоогүй талууд гэрээ хийж буй нөхцөлд маргаж буй шинэ хуулийн дагуу зээлдэгч газраа үндсэндээ нотариатын мэдэгдэх хуудсыг үндэслэн алдах болж байна. Уг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжоор, маргаан гарсны дараа зээлдэгч нь барьцааны зүйлийг дуудлага худалдаанд оруулах анхны үнийн саналыг өгөх эрхтэй байдаг билээ. Энэ эрхийг эдлэх боломжгүй болж байна. 6. Нотариатын байгууллага нь өмчлөх эрх бүхий газар дээр хийгдэж буй гэрээ, хэлцлийг хийхээр хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг гэрчлэх чиг үүрэгтэй субъект юм. Түүнээс өмчлөх эрхийг зээлийн барьцааны гэрээг үндэслэн дуусгавар болгодог, өмчлөх эрхэд халддаг байгууллага биш. Байгуулсан гэрээний дагуу үүргээ хэрхэн биелүүлсэн, утга агуулга нь зөв буруу, хуульд нийцсэн эсэх, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээх үндэслэл, эрх сэргээх арга зэргийг тогтоох эрхийг Үндсэн хуулиар гагцхүү шүүхийн байгууллагад олгосон байдаг юм. Иргэн хүний ийнхүү шүүхээр эрхээ сэргээлгэх эрхийг Улсын Их Хурал хууль гаргаж далд хэлбэрээр хаах ёсгүй. Газар бол онцгой объект билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5