300 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Цог Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ: “Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн хэмээн үзэж, түүнийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд энэхүү мэдээллийг гаргаж байна. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү заалт ёсоор Монгол Улсын ашигт малтмалыг гагцхүү ард түмний мэдэлд байлгахаар тогтоосон нь Монгол Улсын иргэн бүр түүнээс үр өгөөж хүртэх ёстой гэсэн утга санааг илэрхийлжээ. Монгол Улсын ашигт малтмалыг төрийн хамгаалалтад байлгах асуудлыг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасанчлан Монгол Улсын иргэд төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шийдвэрлэх, иргэдийн язгуур эрх ашгийг Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч Улсын Их Хурлын гишүүд хамгаалж байхаар Үндсэн хуулиар тогтоосон билээ. Гэтэл Улсын Их Хурлын зарим гишүүд “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх ба батлах явцдаа өмнө дурдсан үүрэг ба хариуцлагаа умартаж, улсын төсвийн хөрөнгөөр олон удаа хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 2. Хууль санаачлагч Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг удирдлага болгон Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5