216 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Улсын дээд шүүхийн бүрэн эрхийн асуудал мөн. Өөрөөр хэлбэл хуулийн тайлбар бол аливаа хуулийн заалт буюу эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан харилцааг эрх зүйн ухамсар, хууль хэрэглээний үндсэн зарчим, зүй тогтолд тулгуурлан ийнхүү эрх зүйн актыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилгоор түүний агуулгыг тодорхойлох үйл ажиллагаа билээ. Улсын дээд шүүхээс гаргаж байсан албан ёсны тайлбар нь хэм хэмжээний ба жишгийн буюу казуаль хэлбэрийн аль алинд нь хамаардаг байв. Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан явдал шүүхийн институтыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож дэлхий нийтийн жишигт хүргэх зорилтыг шийдвэрлэхэд тус дөхөм болно. Үүний дотор Улсын дээд шүүхээс хуулийн албан ёсны тайлбар гаргадаг асуудлыг илүү оновчтой болгох зорилгыг агуулсан юм. Учир нь хуулийн албан ёсны хэм хэмжээний тайлбар нь эрх зүйн хэм хэмжээний заалтын агуулгыг дэлгэрүүлж, хэм хэмжээний агуулгатай, нийтээр заавал дагаж мөрдөх шинжтэй тул хууль тогтоох ажиллагааг орлох боломжийг бүрдүүлж байна. Энэ асуудал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр яригдаж байв. Мөн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн зохицуулалт зөрчигдөж болзошгүй хэмээн үзэж Улсын дээд шүүхээс гаргадаг албан ёсны тайлбар жишгийн буюу казуаль шинжтэй байхаар хуульчилсан юм. Мэдээлэл гаргагч нар Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”-тай холбогдсон 4/ дэх заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай зохицуулалт орхигдсон, улмаар энэ нь бие даасан бичгэн баримт үйлдэх гэсэн утгатай байна гэжээ. Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтын эрх зүйн үндэс, шүүхийн бүрэн эрхийг тогтоосон материаллаг хууль билээ. Иймд хуулийн албан ёсны тайлбар гаргах үйл ажиллагаатай холбогдсон процессийн шинжтэй зохицуулалтыг дээр дурдсан хуульд тусгаагүй болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5