Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

181 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна.”, 53.3 дахь хэсгийн “Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна.”, 53.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 53.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.”, 53.7 дахь хэсгийн “Энэ хуулийн 53.3, 53.6 дахь хэсэгт заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.” гэснийг тус тус үндэслэн төлбөр төлөгч иргэнээс төлбөрийг гаргуулна. Төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг тооцож гаргуулахдаа Иргэний хуулийг баримтлах юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудаас өөр үндэслэлээр төлбөр төлөгч-иргэний болон түүний гэр бүлийн гишүүнээс төлбөр гаргуулахгүй бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас”-ыг төлбөрт хураан авч болохгүй гэсэн нь гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүнд халдаан хэрэглэж байгаа асуудал биш юм. Уг заалтад дурдсан асуудлыг эрүүгийн ял гэж үзэхээс илүүтэйгээр төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон хэм, хэмжээ тогтоосон заалт гэж үзэж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлд “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө нь төлбөр төлөгч-иргэний өөрийн болон гэр бүлийн зайлшгүй шаардлагатай, анхдагч хэрэглээг хангасан эд хөрөнгө байх бөгөөд эдгээрийг төлбөрт хураан авч болохгүй гэж заасан нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дээрх заалтад нийцсэн гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5