157 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёрдугаарт, 2012 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд мэдээлэл гаргагчаас тэмдэглэн бичээд байгаа шиг “анхан шатны шүүхийн нэгж”, “дүүрэг дундын шүүх” гэсэн хуулийн нэр томъёо ороогүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас “дүүрэг дундын шүүх”- ийг байгуулаагүй, харин дүүргийн шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон юм. Жишээлбэл, “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх” нь Улаанбаатар хотын зүүн бүсэд байршиж, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалах юм. Шүүхийн харьяалал заавал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцэж байх шаардлага үгүй болно. Дэлхийн бусад улсын жишигт ч шүүхүүдийг засаг захиргааны нэгжээр бус, бүсчлэн байгуулдаг. ... Гуравдугаарт, мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “... тухайн дүүргийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томъёологдсон. ...” гэж бичсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохоор зохицуулагдсан тул Монгол Улсад 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг нийтийн захиргааны хүрээнд зөрчихөөс хамгаалах чиг үүрэгтэй дагнасан шүүхийн тогтолцоог 21 аймагт тус бүр гурван шүүгчтэй анхан шатны шүүх ажиллах, мөн нийслэлд ерөнхий шүүгч, 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх байхаар хуульчилсан билээ. Улмаар Улсын дээд шүүхийн бүтцэд 5 шүүгч, тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим байгуулж давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан. Байгуулагдсан цагаас хойш давж заалдах болон хяналтын шатны журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өсөж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ачаалал жил бүр өсөн нэмэгдэж ирсэн юм. Энэ байдлыг харгалзан үзэж, улмаар шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар Улаанбаатар хотод байршилтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байсан юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5