222 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн А.Базар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Э.Ариунзаяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн дагуу төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг түүнд буцаах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн дагуу гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин ирүүлэхгүй буюу цаашид тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байх үр дагавартай байна. Төлбөр авагч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандсаны дагуу шүүхийн зүгээс түүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж, буруутай этгээдээс төлбөр авах эрхтэй болохыг нь баталгаажуулсан шүүхийн шийдвэр гардаг. Үүний үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Шүүхийн шийдвэр гарч байгаа нь төлбөр авагч буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэний эрхийг хууль зүйн хувьд сэргээж байгаа явдал бол нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээн эдлүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нь иргэний зөрчигдсөн эрхээ сэргээн эдлүүлэх, бодитойгоор хамгаалуулах боломжгүй байдалд хүргэж байгаа хэрэг юм. Дуудлага худалдаа нь үнэ өрсөлдүүлэх буюу хамгийн өндөр үнэ санал болгосон этгээдэд хөрөнгийг худалдах ажиллагаа тул зах зээлийн хамгийн өндөр үнийг олох боломжтой. Иймд дуудлага худалдаанд түүний тогтоосон үнэлгээний 50 хувиар оруулахад худалдан борлогдоогүй эд хөрөнгийг зах зээлд ямар ч этгээд тийнхүү үнээр авах сонирхолгүй буюу үнэ цэнэгүй хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн этгээд болох төлбөр төлөгчийг албадах, төлбөр авагчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажиллагаа байх ёстой. Гэтэл дээрх заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадлагыг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж буй төлбөр авагчид чиглүүлсэн зохицуулалт байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5