267 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Захиргааны зөрчил гаргаж, шүүгчийн шийтгэврээр шийтгэл хүлээсэн аливаа этгээдийн гомдлыг анхан шатны шүүх хэлэлцдэг байхад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн гомдлыг аймаг, нийслэлийн шүүх хэлэлцэх ямар үндэслэл байгаа нь ойлгомжгүй болжээ. Сонгуулийн хууль тогтоомжийн зөрчлийг бусад хуулийн зөрчлөөс илүү чухал гэж үзэх, эсхүл тухайн зөрчил гаргагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч буюу түүнийг дэмжигч тул бусад зөрчил гаргагчдаас илүү ач холбогдолтой гэж үзэх нь “хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …үзэл бодлоор нь …ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг хөндөж байна гэж Улсын Дээд шүүх үзнэ. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай шүүгчийн шийтгэвэрт гарсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171, 161, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан зохицуулалтыг баримталж, анхан шатны шүүх хэлэлцэх, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.7-д заасны дагуу давж заалдах шатны шүүх хэлэлцэх нь ойлгомжгүй байгаагаас Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүгч …гагцхүү хуульд захирагдана” гэсэн зарчмыг шүүх бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжгүй болж байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлд “сонгуулийн холбогдолтой хэргийг хяналтын шатны шүүх хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн нэмэлтийг 2 дахь хэсэг болгон оруулжээ. Хяналтын шатны шүүх нь өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэний хэргийг 30 хоногийн дотор хянахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заажээ. 7 хоног гэдэг нь 30 хоногт багтах хугацаа хэдий ч хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дээд хязгаарыг зөвхөн сонгуулийн холбогдолтой хэрэг маргаанд доошлуулж тогтоосноор тухайн хэргийн оролцогчдын эрх, шүүхээс хэргийг ул үндэстэй шийдвэрлэх боломжид муугаар нөлөөлөөд зогсохгүй угтаа “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5