Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

127 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Аливаа нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байхад түүнийг 18 сарын дараа төрийн сонгуульд оролцуулахаар хуульчилсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна. 3. Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3; Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4. Өргөдөл гаргагч Х.Сэлэнгэ Цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэсэн өргөдлийн шаардлагаасаа татгалзсан болно. Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3; Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5