126 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл компанийхаа ажилтнаа/-ыг ашиглан, тэдний улс төрийн үзэл бодол, ашиг сонирхол, итгэл үнэмшлийг үл харгалзан нэрийн жагсаалт үйлдэж нам байгуулдаг, тэр нь цаашдаа дараа дараагийн сонгуульд оролцох зэргээр тогтвортой үйл ажиллагаа явуулах сонирхол, зорилгогүй байдаг нь харагдаж байгаа юм. Энэ нь 1990 онд Улс төрийн намуудын тухай хууль батлагдсанаас хойш 20 гаруй нам улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч ихэнх намын байршил, хаяг, утас нь тодорхойгүй, удирдлага нь ч олдохгүй, үйл ажиллагаа нь ч тодорхойгүй, зарим нь бүр ор нэрийн төдий байгаагаар нотлогдож байгаа юм. Бүртгэлийн байгууллага ч тэр бүр хяналт тавьж чадахгүй, хариуцлага тооцох механизм ч байхгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Энэ байдал нь тухайн намын гишүүдийн эрх ашгийг хөсөрдүүлж байгаа хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Бий болсон энэхүү нөхцөл байдлыг арилгах, намуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрийн төлөвшлийн байдлыг харгалзан үзэж энэ заалтыг 1 жил 6 сарын хугацаагаар тусгасан. Гэхдээ энэ нь нам сонгуульд оролцох эрхийн асуудлыг анх удаа зохицуулж байгаа хэрэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам буюу намуудын эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” байхаар хязгаарлалт тогтоосон байдгийг дурдахад хангалттай юм. Дээрх үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй, түүнчлэн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5