Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

59 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1993.04.12 № 02 Улаанбаатар хот БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байгаа эсэхийг хянан хэлэлцэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан /илтгэгч/, Б.Дангаасүрэн, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд гомдол гаргагч иргэн Дондовын Ламжав оролцсон ба Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дарга Н.Ринчиндоржоос ирүүүлсэн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3/369 дүгээр албан бичигтээ “хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм нь шинэ Үндсэн хууль болон Улсын Их Хурал байгуулагдахаас өмнө батлагдсан тул дээрх дүрэмтэй холбогдсон асуудлыг шалгах, уг асуудлаарх Цэцийн хуралдаан хийх үед Улсын Их Хурал итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн тул хариуцагчийн талаас төлөөлөгч оролцоогүй болно. Монгол Улсын иргэн Дондовын Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан гомдолдоо: 1. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байна хэмээн би үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5