Чуулганы танилцуулга

6 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Хүндэт зочид оо, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаа эхлүүлэхээр Та бид хуран цуглаад байна. Монгол Улсын Их Хурлын болон дэгийн тухай хуульд нэмж оруулсан гишүүдийн сахилга, хариуцлагатай холбоотой заалтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулахаараа энэ удаагийн чуулган онцлог юм. Хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйгээ дээдлэн, сонгогч түмнийхээ итгэлийг дааж, өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд бидэнд хуулийн өөрчлөлт чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ намрын чуулган бодлого, үйл ажиллагаагаа дараах үндсэн 5 чиглэлд төвлөрүүлэх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол төрийн чадавхыг сайжруулах чиглэлд хууль тогтоох байгууллагын анхаарал төвлөрөх шаардлагатай болжээ. Төрийн чадавхыг сайжруулах талаар олон жил ярьлаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнийг батлах асуудал юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг 2 жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвшилцлөө. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байна. Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх олонх нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл юм. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй. Улс төрийн намын ил тод байдал, санхүүжилтийн эрх зүйн орчныг өөрчлөх асуудал намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа. Намуудын үйл ажиллагаа ил тод, бодлого хөтөлбөр нь тодорхой, ялангуяа санхүүжилтийн тогтолцоо шилэн байх нь улс төр эрүүл байхын үндсэн нөхцөл юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw